Monday, November 4, 2013

өгүүллэг 2

Болзоо/Өгүүллэг/
Үнэнчээр итгэх итгэл л хайрын цорын ганц болзоо ажээ Генерал Грантын төмөр замын төвбуудлын орой дээр байрлуулсан том дугираг цагийн зүү зургаан цагт зургаан минут дутуу болохыг зааж байлаа. Өндөр нуруутай, наранд түлэгдэж борлосон хүрэн царайтай армийн залуу дэслэгч галт тэрэгнээс дөнгөж буугаад цаг яг хэд болж байгааг харахаар мөнөөх цаг уруу харав.

Дэслэгч Брандфорд зугаахан минутын дараа урьд өмнө нь хэзээ ч зүс царайг нь хараагүй эмэгтэйтэй уулзах болзоотой юм. Түүнд дайны үеэр сэтгэл түгшин айж байгаа тухайгаа захидал бичиж байснаа гэнэт эргэн санажээ. Мөн байлдааны хамгийн аймшигтай мөчийг дурсан бодлоо. Сөнөсөн нисэх онгоцноосоо шүхрээр буухад дайсны цэргүүд бах нь ханасан байдалтай малийталй инээгээд өмнө нь зогсож байхыг хэзээ ч мартаж чаддаггүй билээ. Тэрхүү тулалдаан эхлэхээс хэдхэн хоногийн өмнө өнөө эмэгтэйгээс авсан захианд “Мэдээж, чи айж байгаа. Зориг зүрхтэй бүх л хүн айдаг. Хуучин гэрээний алдарт Давид хаан айж эмээхийг мэддэггүй байсан гэж үү? Тэрбээр айсандаа л Библийн хамгийн нэртэй 23-р Дууллыг бичсэн шүү дээ. Ширүүн тулалдаан дунд чамд өөрөө өөртөө итгэхээ болих цаг ирж магадгүй. Үхлийн сүүдэр дунд алхаж явахдаа Бурханы гайхамшигтай ивээл чамтай хамт байна гэдгийг ойлговол чи чөтгөрөөс ч үл айх болно.” хэмээн бичсэн байлаа. Урам хайрласан ийм сайхан захидал бичсэн эмэгтэйн дуу хоолойг Брандцорд төсөөлж үзлээ. Дөрөвхөн минутын дараа түүний ярихыг яг бодитоор нь сонсоно гэхээс зүрх нь өөрийн эрхгүй хүчтэй цохилно. Хажуугааар нь шүргэх шахан өнгөрөх нэгэн эмэгтэйг хараад дэслэгч Брандфорд эргэлзэв. Энгэрт нь улаан өнгийн цэцэг зүүлттэй харагдав. Гэхдээ тэр нь ярьж тохирсон бяцхан улаан сарнай бус, гүн улаан өнгийн алтан зул гэгч өөр цэцэг байлаа. Бас тэгээд дэндүү залуу, хорь орчим настай байжээ. Холлис Мэйнил өөрийгөө гучин настай гэдгээ нуулгүй хэлсэн. “Би гучин хоёртой, бид хоёрхон насны зөрүүтэй” гэж бодоход Брандфордод нэг л сайхан санагдана. Флоридын цэргийн сургуулийн номын санд байсан “Хүмүүн боол” гэсэн ном түүний анхаарлыг ихэд татсан юм. Хүний дотоод зүрх сэтгэлийг эмэгтэй хүн тийм нинжин сэтгэлээр ойлгож чадна гэдэгт Брандфорд огтхон ч итгэдэггүй байлаа. Гэтэл тэрхүү номын хавтсан дээр Холлис Мэйнил гэсэн эмэгтэй зохиолчийн нэр байв. Брандфорд Нью-Иорк хотын телефон утасны жагсаалтаас түүний хаягийг олж авснаар тэд захидлаар харилцдаг болжээ. Тэд арван гурван сарын туршид бие биедээ тасралтгүй захидал бичжээ. Ямар ч хүнд хэцүү сэдэв хөндөж бичсэн байхад Мэйнил түүнд үнэчээр хариу өгдөг байлаа. Ийнхүү Брандфорд түүнд итгэж, түүнийг хайрлах сэтгэлтэй болжээ. Гэвч Мэйнил Брандфордын хүссэнээр зургаа явуулахаас татгалзсан байна. Энэ нь төдийлөн сайхан санагдаагүй нь мэдээж хэрэг. Гэхдээ Мэйнил “Чи намайг ойлгож надад үнэнч сэтгэлээр хандаж байгаа л бол миний ямар харагдах нь огтхон ч хамаагүй. Намайг гоо үзэсгэлэнтэй бүсгүй гэж битгий бод. Эс тэгвэл чи миний гаднах төрхөнд татагдаж мөрөөдөх болно. Тийм өнгөц хайр надад ердөө ч хэрэггүй агаад миний сэтгэлд эгдүүцэл төрүүлнэ. Намайг жирийн нэг эмэгтэй гэж бод. Ер нь ч би жирийн л нэг эмэгтэй. Зургаа явуулаач гэж надаас дахин бүү хүсээрэй. Чи Нью-Иоркод ирэхдээ надтай уулзана. Тэгээд яахаа шийдээрэй. Бид цаашид хамт байх уу, эсвэл болих уу? Алиныг нь ч сонгож авсан бид чөлөөтэй гэдгийг ойлгоорой” хэмээн юуны тулд зургаа явуулахаас татгалзсан байгаагаа тайлбарласан юм. Зургаан цагт нэг минут үлдлээ. Гэнэт Брандфордын зүрх сэтгэл нь түүний онгоц ч хүрээгүй тийм өндөрт байгаа мэт догдолж эхэллээ. Гоо үзэсгэлэнт нэгэн эмэгтэй түүний өмнөөс чиглэн алхана. Өндөр нуруутай, бас тэгээд гуалиг нарийхан. Цайвар шаргал үс нь чихнийхээ араар мушгиралдан унжина. Тормолзсон алаг нүдтэй. Уруул нь булбарай болоод эелдэгхэн. Цайвар ногоон өмсгөл нь эгээ л хаврын навч адил. Дэслэгч түүний сарнай цэцэг зүүсэн эсэхийг нь үл анзааран өмнөөс нь угтан алхав. Брандфордыг дөхөж ойртмогц сээтэн хаясан бяцхан инээмсэглэл уруулд нь тодорч, бүсгүй “Цэрэг гуай, намайг дагаад явахгүй юу? Уулзах хүн тань энд байна.”гэж шивнэх аядан хэлэв. Тэгээд Брандфорд Холлис Мэйнилийг олж харлаа. Гуч нилээд гарсан, намхан нуруутай нэгэн эмэгтэй залуу бүсгүйн ард зогсож байлаа. Тэрбээр нилээд махлаг бүдүүн хөлөндөө намхан өсгийтэй шаахай угласан харагдана. Бас тэгээд хүрэн бор өнгөтэй хүрэмнийхээ үрчийж үнгэгдсэн заханд улаан сарнай цэцэг зүүсэн байлаа. Ногоон хувцастай өнөөх залуу эмэгтэй тэр дорхноо алга болсон байлаа. Брандфордын зүрх сэтгэл хоёр хэсэгт хуваагдсан мэт санагдаж байлаа. Энд зогсож буй хижээл насны эмэгтэйн байдал түүнийг гүнээ эзэмдэж, түүнтэй уулзаж учирах ёстой байсан хэдий ч залуухан эмэгтэйн араас ухаан жолоогүй дагаад алхчихмаар санагдав. Өмнө зогсож байгаа эмэгтэйн махлагдуу тунгалаг царай нь эелдэг дөлгөөхөн болохыг нь тэр дөнгөж сая л олж харлаа. Сайхан хар нүд нь сэтгэлд дулаахан инээмсэглэнэ. Энэ бол Холлис Мэйнил мөн гэдэгт дэслэгч Брандфорд огтхон ч эргэлзсэнгүй. Тэрээр өөрийн таних тэмдэг болсон цэнхэр хавтастай “Хүмүүн боол” номыг гартаа атган зогсоно. “Хайр дурлал байх албагүй шүү дээ. Энэ бол хайр дурлалааас ч илүү үнэ цэнэтэй байж чадах үерхэл нөхөрлөл юм” гэж дотроо гэнэт бодсоноо Брандфорд өргөн мөрөө хавчиж түүнтэй мэндэлж, урам хугарсан, сэтгэл балмагдсан хэдий ч гартаа атгасан мөнөөх номоо түүнд өглөө. – Би дэслэгч Жон Брандфорд байна. Харин та .. Та хатагтай Мэйнил мөн үү? Надтай уулзахаар ирсэнд тань баярлалаа. Үдийн хоол хамт идэж болохсон болов уу? хэмээн асуухад эмэгтэйн царайд ичингүйрсэн инээмсэглэл тодорч: – Энэ чинь юу гэсэн үг вэ? Хүү минь, би огтхон ч ойлгохгүй байна. Дөнгөж сая хажуугаар минь өнгөрсөн ногоон хувцастай залуухан эмэгтэй энэ сарнай цэцгийг хувцсан дээр чинь зүүж өгөх үү гэж надаас гуйсан юм. Тэгээд чамайг надтай хамт гадуур явъя гэж хүсвэл, замын хажууханд байгаа тэр зоогийн газарт хүлээж байгааг дамжуулаарай гэсэн. Энэ нь нэг ёсондоо чамайг туршиж байгаа юм уу даа. Харин би хоёр хүүгээ галт тэрэгнээс буухыг хүлээж байгаа юм гэж саахь эмэгтэй тайлбарлав. Үнэнчээр итгэх итгэл л хайрын цорын ганц болзоо ажээ.

_________________
Гэхдээ битгий итгээрэй...




 

Сэтгэл нэг бол/Өгүүллэг/
Түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй яг л нэг доллар наян долоон ццент байв. Делла мөнгөө гурван ч удаа тоолов. Гэвч яг л нэг доллар наян долоон цент байв. Гэтэл шинэ жил гарахад ердөө л ганц хоног үлджээ. Делла 7 хоногт 8 долларын хөлстэй, тавилгатай өмгөр өрөөнд амьдардаг байжээ. Тэр байр нь тийм гэхийн тэмдэггүй ядуу ажээ. Нулимсаа арчиж дууссаны дараа Делла нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд цонхоороо арын талбайн хашаан дээгүүр явж байгаа муурыг дэмий л гөлрөн зогсов.
Маргааш нь шинэ жил болох гэж байхад хайртай нөхөртөө бэлэг авах ердөө л нэг доллар наян долоон цент л байлаа. Уул нь энэ мөнгөө хэдэн сарын өмнөөс л юм юмнаас илүүчлэн цуглуулжээ. Гэвч энэ нь ямарч бэлэг авахад хүрхээргүй байв. Хайрт Жимдээ авч өгөх бэлгийнхээ талаар бодон баярлах үе ч цөөнгүй байлаа. Делла цонхноос холдон толины өмнө очив. Түүний баярласандаа болоод гялалзаж байсан нүд нь 20секүүндийн дараа ор мөргүй алга болов. Овоолон шуусан үсээ задлахад мөрөн дээгүүр нь урсан орж ирэв. Тэр хоёрт бахархан хайрладаг 2 зүйл байдаг байлаа. Нэг нь Жимийн өвөг дээдсээс үлдсэн алтан цаг, нөгөө нь Деллагийн нурууг даган урсах урт үс байлаа. Деллагийн алтан шаргал үс нь мяралзан урсах гол адил тахимаа хүртэл урсаж, ар нурууг хучив. Агшин зуур тээнэглзэх мэт зогсов. Шалан дээр дэвссэн халцархай улаан хивсэн дээр хэдэн дусал нулимас унав. Нулимсаа хатаж амжаагүй байхад Делла ухасхийн гадагш гарав. “ММ.Софроний Бүх төрлийн үс худалдаж авна” гэсэн гарчигтай хаалганы өмнө зогсов. Шууд л дотогшоо ороод “Үсийг минь худалдаж авахгүй биз?” гэж асуув. Эзэн авхай үсийг нь нийлээн барьж, харж үзснээ “20 доллар” гэв. Делла ч “За тэгвэл хурдал” гэв. Делла өөрийн хайсан бэлгээ олох гэж нэлээд юм болов. Арай гэж хайсан зүйлээ олов. Цагны алтан гинж. Үнэхээр Жимийн тэр цаганд нь тохирсон сайхан гинж байлаа. Гэртээ очоод толины өмнө зогсов. Бэлэг нь Жимд таалагдах болтугай гэж залбирав.
Тэгж байтал хаалга онгойн Жим орж ирэв. Хайр дүүрэн нүдээр Делла руу харангаа бэлгээ өгөв. Хайрцгийг онгойлгон харахад урт үстэй байхдаа авах юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан хос даруулга байлаа. Гэвч энэ одоо хэрэггүй болсон байв. Нүдээр нь дүүрсэн нулимс, сувдан хэлхээ адил асгарав. Гэвч түргэн зуур арчин өөрийн бэлгээ сунгав. Жим бэлгээ нээгээд цагны алтан гинжийг харав. Гэвч одоо түүнд энэ алтан гинжийг зүүх цаг нь байхгүй болжээ. Учир нь Деллагийн мөрөөдлийн хос даруулгыг авахын тулд заржээ. Сэтгэлээр унасангүй… яагаад гэвэл тэр хо ёрын дунд худалдаж ч, худалдан авч ч болшгүй агуу их, ариун гэгээн хайр сэтгэл байлаа…

_________________
Гэхдээ битгий итгээрэй...




 

Эндүүрэл(Хошин өгүүллэг) 
Хавсарга тавьсан хаврын нэг өдөр говийн нэгэн айлын гадаа гандуу улаан дээл хөөргөж өмсөөд, орос цэргийн танкны хар малгай толгойдоо хазгай тохон, бакaлаа гармошиглаж угласан тавь гаран насны, өндөр, туранхай нутгийн эр бор мориноос буулаа. Энэ эрийг агсам Балдан гэнэ. Агсам Балдан зартай атмаан явсан бөгөөд одоо ч архи уухаараа агсан тавилгүй айлаас гарна гэсэн ёсгүй. Нохой боргохыг тоолгүй утаа суунагласан гэр лүү шууд алхсан Балдан

-Үгүй чи нусаа битгий татаад бай, сайн нийгээд арчаач гэж Хандмаа авгай зээ охиноо загнаж байхад босго давж таарав. Гэрт зуухан дээр цай буцлан, цаана нь санчигны үс нь цайрсан, хар хөх өнгийн даавуун тэрлэгтэй Хандмаа, есөн насны хоёр салаа гэзэгтэй шар зээ охинтойгоо ширээн дээрх дэлгэсэн сонин дээр банш чимхэн тавина. Гэрийн хойморт Сүхбаатар, Ленин хоёр гар барилцаж буй жаазтай зургийг налуу өлгөж, доор нь модон авдар дээр байрлах эвхдэг толины баруун, зүүн жигүүрийн буланд Цэдэнбал, Брежнев нарын жижиг зургуудыг тус бүр хавчуулсан нь улс төрийн өндөр мэдлэгтэй айл болохыг харуулна. Галын баруун талд төмөр цагаан орон дээр үстэй дээл нөмөрсөн нэлээн урт залуу хөлөө нугалан, нуруугаа харуулан унтахыг хараад Балдан “Хотоос ирсэн хүү нь мөн байна” гэж бодон олзтой яваадаа баясав. Мөн цагаан орны урд хэлд арай ороогүй ач хүү нь адсаган дээр алаг бөмбөгөөр зугаацан их л томоотой сууна.

Нэг нутаг усанд өдий хүртэл амьдарсан Балдан, Хандмаа хоёр мэнд мэдэхдээ ёс, сүр ч болсонгүй. Хар багаасаа л Балданд дээрэлхүүлж, үс гэзэгнээсээ татуулж, мөн улаан булангийн харанхуй мухарт буландуулж явснаас ч тэр үү Хандмаа гуай Балданг харахлаараа л дуу намсдагаа өөрөө ч анзаардаггүй. Ноднин өвгөнийг нь нас барахад Балдан сайн тусалж, хот хөдөөтэй хэл ам авалцуулсан учир эднийд ирэхдээ нүүр бардам тэрээр хэзээ язааны аятай угаалтуурын хажуунаас намхан сандал авч галын зүүн талын модон орны өмнө тавьж суугаад малгайгаа өвдгөн дээрээ, гаансаа гутлын түрүүнээс, дугуй төмөр хайрцагтай тамхиа өврөөсөө гарган тамхи татахаар зэхэхдээ үг унагасангүй. Харин шүдэнз зурч тамхиа асаан сайтар уушиглаад утаагаа жавьжаараа үүд рүү аажуу үлээн гаргангаа
-Бага хүү чинь ирээ юү хө гэж асуулаа. Балданг эрүүл гэдгийг дууных нь өнгөнөөс баттай мэдсэн Хандмаа
-Өчигдөр шөнө явуулын машинаар ирлээ гээд баншаа боргилон дэвэрч буй цай руу хийв. Мэдье гэснээ мэдсэн Балдан, өвдгөн дээрээ тохсон хөлстэй хар малгайгаа авч хойдох орныхоо дэрний хажууд тавьчихаад, дээлийнхээ энгэрийг задгайлан аажуу тайван тамхиа татаж дуусгав. Гадаа зэврүү хүйтэнг ч хэлэх үү, дулаан гэрт ингээд л суугаад байвал тэрээр суугаад л байх аж. Шороон шуурга гэнэт гэр шавхуурдах, соосгор охин нусаа огцом татах, Хандмаа хаяа цайгаа самрах, ач нь амандаа бувтнах, залуу хүү сонсогдох төдий хурхирах сэтгэлд нь таатай хөг үүсгэж бүдэг бадаг дурсамжинд Балдан автан зүүрмэглэж эхлэв...

Соосгор охин банштай цай өмнө нь барин
-Та цай уу гэхэд Балдан нүдээ нээж, хоолойгоо засангаа аягыг аажуу аваад, эсрэг талд орон дээр суун банштай цай ууж буй хотоос ирсэн хүүг харснаа
- Аа гөөмөн, хүйтэй өвөл боллоо шүү гэж огт хамаагүй шахам зүйл хэлэв.
-Тиймээ гэж Хандмаа үгийг нь дагуулав хариулав. Гэнэт одоо л сэрэв үү гэмээр огцом тод дуугаар Балдан
-За дүү хүү хот газрын сонин юу байна, сансарт хүн ниссэн үү гэж Хандмаагийн хүүгээс мэдэмхийрэн асуулаа. Агсам Балданг таньдаг залуу
-Сар гаруйн өмнө нисчихсэн ээ гээд илүү юу ч хэлсэнгүй. Балдан ч дахиж юм ч асуусангүй, халуун цайгаа ширээн дээр тавингаа сандлаа ойртуулав. Бүгд л шор шорхийтэл уур савссан халуун цай оочин банш идэж, хөлс нь бурзайн, улаа бутран сууцгаана.

Банштай цай ууцгаасны дараа Балдан гаансаа сорон дуугүй сууж, хотын залуу үстэй дээлээ нөмрөн эргээд хэвтэж, зээ охин нь дүүгээ унтуулахаар Балдангийн арын орон дээр бүүвэйлж байв. Хандмаа ишиг, хурганы нэмнээ оёхоор том нүдний шилээ зүүсний дараа
-Хүү сая хотоос авчирсан юм. Чигтэйхэн сэнгэсэн эд бай лээ, та амсаад үз дээ гээд төмөр цагаан орны доороос бор шилтэй юм гаргахад Балдан ийм л жамтай мэт
-Өө за гээд лонхыг авгайгаар онгойлгууж, банштай цай уусан аягаа дээлнийхээ дотуур хормойгоор арчаад өөдөөс нь сарвайн дүүргүүлж авснаа “Хатуу бөглөөтэй, хатуу л эд байх даа” гэж дотроо таан ядам хуруугаа дүрэн дээш гурав нясалж духандаа хүргээд, Хандмаа чамтай өөр ярих зүйлгүй гэсэн аятай тооно өөд харч утаа баагиулан эрхэмсэг суув. “Энэ зөнөгийн дүвчигнэж байгааг” гэж бодсон Хандмаа түүнд юм хэлсэн ч үгүй, тоосон ч үгүй, зөнд нь орхив. Гадаа шороо шуурсаар л...

Хандмаа ишиг, хурганы нэмнээ оёж, хүү нь түрүүчийн адил яльгүй хурхиран, харин зээ охин нь дүүгээ унтуулах гэж байгаад өөрөө ч унтчихжээ. Балдан хамар шахруулсан хотын идээг ганцаар хүртэхдээ улам л намба үзүүлж хаяа хоолойгоо засан лаглайн сууна. Лонхтой архи нь хөнгөрөхөд агсан тавилгүй бол нэрэнд муу гэж үздэг Балдан “Нутгийн ахыг хүндэлдэггүй чи юу юм бэ... муу ижийгээ өрөвдөхгүй” гэх мэт үгс дотроо бэлдэв. Уг нь ч агснаараа алдартай түүнд бол агсан тавих үгс ганц, хоёр хундагын дараа урсаад л ороод ирдэг юмсан. Гэтэл өнөөдөр шил шахам архи ганцаар гударчихаад байхад нэг л үг олширдоггүй. Элдвийг ийнхүү бодож суусан Балдан-огцом босож багана өшиглөөд авав. Золтой л хуруугаа хатгачихаагүй юм оёж суусан Хандмаа цочиж
-Та чинь яаж байнаа гэж гайхан асуув.
-Агсан тавьж байна
-Үгүй эрүүл л явах шиг байсан шүү дээ. Эрүүлдээ агсан тавьдаг болоо юу даа
-Эрүүл орж ирсэн, одоо бол согтож байна. Яасан задарсан тархи вэ, энэ. Нутгийн ахтайгаа золгох ч үгүй хэмээн аяганд үлдсэнээ хөнтөрчихөөд үүдний хажуу дахь дөчийн бидон руу аягаа чулуудан хагалж, унтаж байсан ач хүүг цочоон сэрээж баруун хаяа руу давшлав. Хамаг учрыг түргэн ухаарсан Хандмаа түүний урдуур орон ачынхаа уйлаантай зэрэгцэн
-Таны уусан чинь архи биш ундаа. Хүү сая хотоос хоёр авдрыг авчирсан байна лээ. Сансар гэдэг жимсны ундаа, худлаа гэвэл тэр хар! Mанай ач ууж байна гэлээ. Нээрээ эргээд хартал шар охин дүүгээ аргадан аманд нь өөрийнх нь ёс төртэй амсаж суусан лонхтой зүйлийг хийж байв. Гэв гэнэт архи биш ундаа гэсэн баталгаа үнэмшилтэй санагдахад Балдан
-Даанч тийм байх аа, нэг л агсарч болмооргүй байсан юм гэж үг алдснаа Хандмаагийн гайхшрал доог болох янзтайг нүүрнийх нь байдлаас мэдэрч, хотын хүү тоглож
-Балдан гуай, та яаж байна хэмээн хэлэх шиг болоход Балдан нүүрээ буруулан
-Ундаа уулгана гэнээ гэж нэг заналтай зандарчихаад баруун баганыг нь бас нэг өшиглөн танкны малгайгаа ч авалгүй гэрээс гарав. Гадаа гараад Балдан сүүдрээ харан мориныхоо зүг явахдаа албаар зүүн баруун тийш нэг найган үзсэнээ толгойгоо сэгсэрч шүлсээ нэг хүчтэй хаяад улам хурдан, том том цааш алхлаа...

Балдан танкны хар малгайгаа эргэж ирж авсангүй. Залуугаасаа салаагүй хар малгай нь гэрт гадаа, энд тэнд үзэгдсээр адаг сүүлд нь эзнээ хүлээсэн мэт малын саравчнаас өлгөгдөн салхи, бороонд цохиулан, шороо шуурганд савчин сэмэрсээр, нэг мэдэхэд салхинд туугдан алга болжээ. 
Х.Эрдэмбилэг

No comments:

Post a Comment